“MinePro-2024” үзэсгэлэн нь “Уул уурхайн 7 хоног”-ийн хоёр дахь том үйл ажиллагаа болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3. /МОНЦАМЭ/. Уул уурхайн “Mining Week & MinePro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уул уурхайнхны 7 хоног оролцогч
нарт бизнесийн үйл ажиллагаагаа
өргөжүүлэх ажил хэргийн уулзалт, асуудлаа ярилцаж, хөрөнгө оруулалт татах
хэлэлцүүлгээс гадна олон улсын ханган нийлүүлэгчдийн “MinePro-2024” үзэсгэлэнг
дэлгэсэн нь хоёр дахь том үйл ажиллагаа болж байна.
Үзэсгэлэн нь уурхайн
томоохон компаниуд болон гадаад, дотоодын хамтран оролцогч байгууллагууд
бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах, хамтын ажиллагаа, ханган нийлүүлэлтээ
өргөжүүлэх боломж олгож буйг зохион байгуулагч нар хэлж байна.
Энд уул уурхайн салбарын
тэргүүлэгч, томоохон оролцогч компаниуд өөрсдийн асар барьж, уул уурхайн
салбарын худалдан авалт, ханган нийлүүлэлт, санхүүжилттэй холбоотой шилдэг
туршлага, ноу-хаугаа хуваалцаж, мэдээлэл солилцож байна. Уул уурхайн томоохон
компаниудын танилцуулгаас үзвэл,
- Уул уурхайн төрийн өмчит компаниудын нэгдэл “Эрдэнэс Монгол” энэ оны хагас жилд үйлдвэрлэл 100 хувь, санхүүгийн үзүүлэлт 110 хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн жагсаалтад тус нэгдлийн Үйлдвэрлэл технологийн 6 парк багтжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь өөрий харьяанд “Эрдэнэс ҮТП”-ийг охин компанийн хэлбэрээр байгуулан Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын чиг үүргийг гүйцэтгэн 6 байршил дахь паркуудын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ТЭЗҮ-г хийж гүйцэтгээд байна.
- Дарханы төмөрлөгийн
үйлдвэр ХХК-ийн гангийн үйлдвэрлэл 2024
оны хагас жилд 110 хувийн биелэлттэй ажиллажээ. Уул уурхайн үйлдвэрлэл, хөрс
хуулалт 85 хувь, хүдэр олборлолт 100 хувь, хүдэр боловсруулалт 99 хувь, баяжмал
үйлдвэрлэл 112 хувийн биелэлттэй байна.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 8 дугаар сарын 31-ний байдлаар 22:6 сая тонн нүүрс олборлож, 21:6 сая тонн нүүрс борлуулж, 100 дахь цахим арилжаагаа хийжээ. Тус компанийн орлого 2.3 тэрбум ам.долларт хүрч, улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрлүүлснээ уул уурхайн 7 хоногоор тус тус танилцуулж байна.