ЗАВХАН: Багш хүн маш сайн сонсогч байх нь л чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-06 14:05:00

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сурган хүмүүжүүлэгч эрхэм алдрын эзэд болсон багш нарын баяр тохиож байна. “Бага ангийн багш гэдэг бол учир мэдэхгүй, учиг татахгүй нялх балчир хүүхдийн оюуны савыг эрдмээр, булбарай гарыг нь эв дүйгээр, шулга хэлийг нь үг хөгжлөөр, гэнэн сэтгэлийг нь гэрэлт эрчмээр дүүргэж өгдөг ачтан багш, багшийн дотроос анхдагч багш юм" хэмээн Лодонгийн Түдэв хэлсэн байдаг. Тэгвэл бага ангийн багшийн онцлог сайхны талаар Завхан аймгийн Улиастай сумын Чандмань Эрдэнэ сургуулийн бага ангийн багш Э.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.


-Танд багш нарын баярын мэнд хүргэе. Та мэргэжлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Би 10 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна.


-Багш байхын сайхан тал нь юу вэ?

-Анх ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд бага ангийн багш л болъё гэж хүсэж мөрөөдсөн ажил, мэргэжил минь болохоор өдөр бүр сэтгэл хангалуун байдаг. Бага ангийн багш болохоор шийдсэн тухайгаа гэрийнхэндээ хэлтэл, “Чи бага ангийн багш болж чадах уу. Тийм ч амар биш шүү” гэж байлаа. Харин одоо би 10 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллачихлаа. Хүссэн, сонирхсон мэргэжил бол гарт ордог, сэтгэл тэнүүн ажиллахад урамтай байдаг юм.

Би ангийнхныхаа дунд орчихоор, нэг л мэдэхэд хичээлийн цаг өнгөрчихсөн байдаг. Тэр хугацаанд би хичээлээс бусад бүх зүйлийг мартдаг. Бага ангийн багш байхын хамгийн сайхан нь ямар ч сэвгүй сайхан энергитэй хүүхдүүдийн дунд орж ажиллах. Хүүхдүүдтэйгээ хамт байхаар би яг л тэдэнтэй адил сайхан эерэг энергиэр цэнэглэгддэг. Тийм болохоор бүх багш нарыг хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрлаасай гэж хүсдэг. Тэгж л байж нэг ч хүүхэд үлдээлгүй хөгжүүлж, зөв хүн болгож чадна гэж боддог. Мөн шавь нар маань сайн суралцаж, сайхан бүхний үрийг тарьж явбал багш хүн хамгийн түрүүнд баярладаг шүү дээ


-Багшийн ажлаасаа шантрах үе бий юу?

-Үгүй дээ шантарч үзээгүй. Залуу гэр бүл болохоор үе үе ар гэр, үр хүүхдүүдийн асуудал гарна. Энэ үед жаахан тэвдэнэ, гэхдээ шантарч үзээгүй юм байна. Сургууль дээрээ, сурагчидтайгаа байхдаа л хамаг асуудлыг мартаж, аз жаргалтай байдаг. Хүүхдүүд маань ч тийм байгаасай л гэж боддог. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэгээн ертөнц шүү дээ. Тэднийхээ итгэлийг алдчихгүй, байнгын сонсогч нь байж туслах сан гэж өдөр бүр хичээдэг.


-Бага ангийн багш бусад багш нараас юугаараа ялгаатай байдаг вэ?
-Бидний хувьд тухайн хүүхдийн мэдлэгийн суурийг нь тавьж өгдөг шүү дээ. Огт юм бичээгүй цагаан цаасан дээр үсэг, тоо тавьж байгаатай л ялгаагүй. Үзгээ ч барьж чадахгүй хүүхдийг хүлээж аваад, эрдмийн их аянд мордуулдгаараа л онцлог юм уу даа.
Хүүхэд бага ангидаа л ерөнхий суурь мэдлэгээ олж авдаг болохоор хүүхэд бүртэй тулж ажилладаг.

Манай анги гэхэд 42 хүүхэдтэй. Эдгээр хүүхэд бүр сурах арга барил нь өөр байдаг онцлогтой. Хүүхэд бүрийн онцлогт тохируулж дөрвөн аргын тоо, үсгийг эхнээс нь зааж сургана гэдэг ур чадвар шаарддаг ажил шүү дээ. Тиймээс ангийнхныгаа жигд суурь боловсролтой болгохын тулд эцэг эхчүүдтэй нэлээд хамтарч ажиллахыг хичээдэг.

Ялангуяа бага ангийн багш хүн ангийнхантайгаа нэг бүрчлэн ярилцдаг байх нь чухал. Хүүхдийнхээ зан чанарыг нарийн судалж, тухайн хүүхдийнхээ ээж нь юм шиг л харьцдаг байх хэрэгтэй гэж боддог. Нэг хүүхэд өнөөдөр үзгээ мартаад ирлээ гэхэд бид дунд ангийн хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандаж болохгүй шүү дээ. Хүүхдүүд маань аав ээждээ эрхэлж байгаа юм шиг л бидэнд ханддаг. Тэднийг эрхлэх үед нь эрхлүүлж, аргадах үедээ аргадаж, зааж зөвлөхдөө зөвлөж байх нь чухал болов уу.


-Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

-Таны хүү, охин сургуульд орсон л бол өдөр бүр хүүхдийнхээ сонсогч, чиглүүлэгч нь байж багштай илүү дотно харилцаатай, хамтын ажиллагаатай байгаарай гэж хэлдэг. Хүүхдийг багш дангаараа сурган хүмүүжүүлнэ гэж байхгүй л дээ. Ялангуяа цагаан толгойн хичээл зааж байх үед эцэг эхийн туслалцаа заавал байх хэрэгтэй. Эцэг эхчүүдтэй хамтрахгүйгээр тухайн хүүхдэд үсэг заана гэж байхгүй. Эцэг эхчүүд багштай илүү дотно харилцаатай байгаасай гэж боддог.


-Багш нарын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Багш нарын баярын хамгийн эхний мэндийг шавь нар маань хүргэж, өөрсдийнхөө зурсан зураг, сэтгэлийн үгээ бичээд өгөх хамгийн сайхан. Ганцхан баярын өдрөөр ч биш өдөр бүр багшаа хайртай шүү, багшаа баярлалаа, багшаа танаас зөвлөгөө авах гэсэн юм гээд олон шавь нараараа хүрээлүүлэх, тэдэндээ хэрэгтэй хүн нь байгаа минь л хамгийн сайхан. Багш нарын баярыг шавь нартайгаа, сургуулийнхаа орчинд ихэвчлэн тэмдэглэдэг. Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан нийт боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэе.

-Танд баярлалаа.

 Улиастай сумын Чандмань Эрдэнэ сургуулийн Э.Бямбасүрэн багштай тавдугаар ангийнхан

Related news