Тунисын одоогийн Ерөнхийлөгч К.Саид сонгуульд тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТУНИС, 2024 оны аравдугаар сарын 7 /TASS/. Тунис улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Каис Саид тэргүүлж байгааг олон нийтийн санаа бодлыг судлах “Sigma Conseil” төвөөс сонгогчдыг саналаа өгсний дараа /exit poll/ явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл К.Саид сонгогчдын 89.2 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгчдийн нэг болох Аяши Заммельд 6.9 хувь нь саналаа өгчээ. Зүүний үзэл баримтлалтай “Азимун” намаас парламентад сонгогдож байсан А.Заммель сонгууль болохоос ердөө тав хоногийн өмнө бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр 12 жил хоригдох ял сонсоод байгаа юм. Харин "Харакат аль-Шааб" социал демократ намын ард түмний төлөөлөгч асан Зухайр Магзауи 3.9 хувийн санал авсан байна.
Сонгууль явуулах бие даасан дээд байгууллагын /СЕХ-ны чиг үүргийг гүйцэтгэдэг/ урьдчилсан мэдээллээр, сонгогчдын ирц 27.7 хувьтай гарсан байна. Санал хураалтад нийт 2 704 155 сонгогч оролцжээ. Гадаадад оршин суугаа иргэдийн ирц 16.3 хувьд хүрсэн байна. 2019 онд болсон өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шатны ирц 48.98 хувьтай гарч байжээ.
Санал хураалтын урьдчилсан дүнг 10 дугаар сарын 7-ны даваа гаргийн орой зарлах төлөвтэй байна.