Mongolia Mining-2024: Хамтын ажиллагаа, шинэ технологийн талбар болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны
аравдугаар сарын 8. /МОНЦАМЭ/. Олон
улсын "Mongolia Mining-2024" уул уурхайн үзэсгэлэн экспо “Буянт Ухаа”
спортын ордонд өнөөдөр нээгдлээ.
Монгол Улсын эдийн засгийн томоохон салбарын нэг нь уул уурхай. Тус салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, өсөж хөгжихөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр дундаа уул уурхайн техник технологийн дэвшил, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт чухал үүрэгтэй. Энэ бүхнийг нэг дор, цогц байдлаар дэлгэж байгаагаар "Mongolia Mining-2024" экспо онцлог эхэлж байна хэмээн үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга, “Майнэкс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Баттулга тодотгов.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй бүх үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн ноу хауг таниулдагаараа онцлог болдог. Мөн бизнесийн хамтын ажиллагаа явагддаг. Энэ бүхнийг хангасан олон улсын стандарт орчинг бүрдүүлдэг талбар нь "Mongolia Mining-2024" үзэсгэлэн экспо болж буйг тэрбээр дурдлаа.
"Mongolia Mining-2024" нь ковидын жилийг эс тооцвол 13 дахь жилдээ тасралтгүй болж, салбарын тогтвортой үйл ажиллагааны нэг болж буйг онцоллоо.
Үзэсгэлэн нээгдэх үеэр 2 мянга гаруй хүн, байгууллага, ААН оролцохоор бүртгүүлээд буйг зохион байгуулагч нар мэдээллээ. Мөн "Mongolia Mining-2024"-д БНХАУ, ОХУ, Беларусь, Япон, Австрали, Канад, Герман, БНСУ, Казахстан, Энэтхэг зэрэг гадаадын хамгийн олон компани, төлөөлөл ирж оролцож байна. Энэ нь нөгөө талаар бизнесийн аялал жуулчлал болж буйг ч тэмдэглэн хэлж байна.
Энэ удаагийн "Mongolia Mining-2024"-д гадаадын 20 гаруй орны 250 компани, гадаад, дотоодын нийт 3 мянга орчим төлөөлөл оролцож байна.
“Хариуцлагатай уул уурхай-Тогтвортой хөгжил” уриан дор болж байгаа энэ удаагийн үзэсгэлэн экспо-г Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, тус зөвлөлийн оны хурал, семинар, сургалт болж, уул уурхайн салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж байна. Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулбал:
- Эхний өдөр үзэсгэлэнг
нээж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Австрали Улсаас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кейти Смит, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн
тэтгэгч “Трансвест Монгол” компанийн үйл ажиллага хариуцсан захирал Эндрю Хэрод
нар мэндчилгээ дэвшүүлж байна.
- Азийн Эдийн засгийн
хөгжлийн нийгэмлэг Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах
санамж бичиг байгуулж, гарын үсэг зурах ёслол болно.
- “Австралиийн ашигт малтмалын
стратегийг танилцуулж, хайгуул, геологийн судалгаа, геотехникийн хөтөлбөрүүдийн
талаар илтгэл тавьж, эрдэс баялгийн хууль эрх зүйн шинэчлэл сэдвээр хэлэлцүүлэг
өрнөнө.