2024 оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 20.4 тэрбум ам.доллар болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны 2024 оны эхний есөн сарын гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас экспортын 556 мянга, импортын 306 мянган мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.
2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.3 хувиар өсжээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу гурван хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлсэн байна.
Статистикийн мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27300, ямааны мах 4700 тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар буурсан үзүүлэлт болов. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар өслөө.
2024 оны эхний есөн сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал,
түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг Хятадад, үхэр,
адууны боловсруулсан ширний 85.8 хувийг Хятадад, самнасан ноолуурын 76.8 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99 хувь БНХАУ-д
тус тус экспортолсон байна.