“Эрдэнэт” үйлдвэрийнхэн 6100 гаруй мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-10-08 14:28:18

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8. /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих намрын өдрөөр төрийн өмчит, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хангал голын эрэг дагуу 6100 мод суулгаж, усалгаа арчилгаа хийв.


Намрын мод тариалалтыг тус үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ногоон хөгжлийн төслийн нэгж хамтран зохион байгуулжээ. Ойжуулалтын хүрээнд Хангалын гол дагуух 56.3 га талбайд бургасны мөчир үржүүлэн, үржүүлсэн тарьцын нөөцөөрөө нөхөн сэргээжээ. Энэ жилийн намрын тариалалтад үйлдвэрийн 35 бүтцийн нэгжийн 875 ажилтан оролцож, хоёр төрлийн мод тарьсан байна.




“Эрдэнэт” үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд:

  • Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
  • говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
  • Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
  • хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тус тус тарьж, арчлан ургуулахаар төлөвлөжээ.
Related news