Европын брендид Хятад улс татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-08 17:04:21

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 8 /TASS/. Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашинуудад татвар ногдуулсны хариуд тус улсын эрх баригчид Европын Холбооны орнуудаас нийлүүлдэг брендид демпингийн эсрэг арга хэмжээг энэ сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэжээ. 


Хятадын Арилжааны яамнаас мэдэгдсэнээр, Европын ханган нийлүүлэгчид Хятадын зах зээлд согтууруулах ундаа худалдахын тулд нэмэлт “баталгааны мөнгийг” буюу 30.6-39 хувийн татварыг төлөх шаардлагатай болох ажээ. 


Европын Холбооны орнуудаас нийлүүлж буй брендид Хятадын эрх баригчид энэ оны нэгдүгээр сараас депингийн эсрэг шалгалт эхлүүлжээ. Улмаар Европын согтууруулах ундааг Хятадын зах зээлд хямд үнээр зардаг гэсэн дүгнэлтийг наймдугаар сарын сүүлчээр хийжээ. Энэ нь Хятадын бренди үйлдвэрлэгчдэд "их хэмжээний хохирол учруулсан" гэж Арилжааны яам мэдэгдсэн байна.


Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудад импортын татвар ногдуулах тухай Европын Комиссын шийдвэрийг Европын Холбооны орнууд энэ сарын 4-нд дэмжсэн юм. 


“France-Presse” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Европын Холбооны гишүүн 27 улсаас Франц, Итали зэрэг 10 орон л Европын Комиссын шийдвэрийг дэмжжээ. Герман болон бусад дөрвөн улс Хятадтай худалдааны дайн эхлүүлэхээс болгоомжилж, эсэргүүцсэн санал өгсөн бол 12 улс санал өгөхөөс түдгэлзсэн байна. Харин татварыг Хятадын автомашины өртгийн 45 хувьд хүргэн нэмэгдүүлэх Европын Комиссын саналыг дэмжээгүй хэдий ч боломжит татварын дээд хязгаарыг 35 хувиар тогтоожээ. Энэ нь одоо хэрэгжиж буй түр татвараас 10 суурь нэгжээр илүү үзүүлэлт юм. 


Европын Комисс долоодугаар сарын 4-нөөс Хятадын цахилгаан машинуудад түр татвар ногдуулсан бөгөөд хүчинтэй байх хугацааг наймдугаар сард сунгажээ. Хятадын компаниудад түр ногдуулсан татвар 17 хувиас 36.3 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол Хятадад үйлдвэрлэсэн “Tesla”-гийн автомашины татварыг 9 хувь болгож бууруулжээ. Хятадын тал энэ шийдвэрийг гаалийн тарифаар дамжуулан эдийн засгаа хамгаалах протекционизмын бодлого гэж мэдэгдсэн байна. 


Related news