БАЯН-ӨЛГИЙ: Хүч чадлыг илэрхийлдэг луун хээтэй гоёл зүүсгэл музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах музейн үнэт үзмэрүүдийн нэг бол мөнгөн тоногтой хуйтай хутга билээ.
Монгол эрийн тухайн гоёл зүүсгэлийг 1960 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын дархан Хуяг гэдэг хүн урлан бүтээж байжээ.
Мөнгөн тоногтой хутга нь 7 зүйлээс бүрддэг. Үндсэн үзмэр болох хутганы их биеийн урт нь 46 см, өргөн нь 2.6 см. Ишийг нь эврээр хийжээ. Ар талыг нь битүү мөнгөөр бөгжилж, цэцгэн хээ сийлсэн байна. Харин хутганы уг нь гуулин бөгжтэй. Хутганы хуйг луу ороосон хээгээр хөөмөлдөн мөнгөөр урласан.
Тухайн үзмэрийн нэгэн бүрдүүлбэр хэсэг нь 2 ширхэг савх юм. Савхыг модоор хийсэн ба мөнгөөр урласан арслангийн дүрстэй толгойтой.
Харин хоёр ширхэг хос бэл нь хар булигаар оосортой, мөнгөн сүлжмэл гинжээр холбожээ.
Ган суулгасан саран сүхний хэлбэртэй төмөр дээр уул, цахиур агуулах зориулалт бүхий ширэн сав хадаж, сэнж оосор гаргасан, гал ноцоох хэрэглэл болох хэтийн хоёр булан тус бүрд луу хээ, голд нь лууны толгойг товойлгон хөөмөлдсөн байна.
Дээрх монгол эр хүний зүүлт гоёлын зүйлсэд луун хээ болон дүрсийг олноор ашигласан нь анхаарал татаж байна. Учир нь луу бол дорно зүгийн ард түмний домог яриа, үлгэрт гардаг гайхамшигт хүч чадалтай амьтан билээ. Бие урт, хайрстай, эвэртэй, дөрвөн хөлтэй, алхах, нисэх, умбан шумбах ба үүл гаргаж бороо оруулах идтэй гэлцдэг. Иймээс лууны дүрстэй хээ нь хүч чадлыг илэрхийлдэг гэж дорнын ард түмэн үздэг юм.