Химийн салбарын Нобелийн шагналын эзэд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-10-09 22:48:17

СТОКХОЛМ, 2024 оны аравдугаар сарын 9 /BBC/. Америкийн эрдэмтэн Дэвид Бейкер, Их Британийн судлаач Жон Жампер, Демис Хассабис нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо. Энэхүү шагналыг уургийн бүтцийг судалсных нь төлөө тэдэнд олгохоор шийдвэрлэжээ.


Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Америкийн химич Д.Бейкер цоо шинэ төрлийн уургийг гаргаж чадсан бол Д.Хассабис, Ж.Жампер нар хагас зуун жилийн туршид таамаглаж чадаагүй уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах боломжийг олгосон хиймэл оюуны загварыг бүтээсэн байна. 


Шагналтнуудын хийсэн нээлтүүд нь асар их нөөц бололцоог агуулж байна гэж Нобелийн хороо үзжээ. Уургууд нь дэлхий дээрх амьдралын үндэс суурийг бүрдүүлдэг бүхий л химийн урвал явагдахад гол үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн даавар, дохио дамжуулах бодис, эсрэг биетүүд, янз бүрийн эд эсийг бүрдүүлэгч материалуудын үүргийг гүйцэтгэдэг. Харин уургууд нь амьдралыг бүрдүүлэгч материал гэж нэрлэж болох 20 өөр амин хүчлээс бүрддэг. Тэгвэл Д.Бейкер 2003 онд эдгээр амин хүчлийг ашиглан бусад уурагтай адилгүй огт өөр уургийг бүтээх боломжтой гэдгийг нээжээ. Үүнээс хойш түүний судалгааны баг эм, вакцин, наноматериал болон бяцхан мэдрэгч шиг ашиглаж болох уургуудыг шинээр бүтээсээр байна.


Х.Жамперын хийсэн нээлт нь уургийн бүтцийг урьдчилан таамаглахтай холбоотой юм. Уургуудын бүтэц дотор амин хүчлүүд нь урт гинжин хэлхээгээр холбогддог бөгөөд тэдгээр нь уургийн үйл ажиллагааг тодорхойлдог гурван хэмжээст бүтцээс тогтдог. Судлаачид 1970-аад оноос хойш амин хүчлийн дарааллаар уургийн бүтцийг урьдчилан таамаглах гэж оролдсоор иржээ. 


Д.Хассабис, Ж.Жампер нар уургийн бүтцийг таамаглах боломжийг олгосон AlphaFold2 хэмээх хиймэл оюуны загварыг 2020 онд танилцуулжээ. Эл хиймэл оюуны тусламжтайгаар судлаачдын ялгаж тогтоосон бараг бүх 200 сая уургийн бүтцийг урьдчилан таамагласан байна.


Өдгөө 62 настай Д.Бейкер бол Сиэтл хот дахь Вашингтоны их сургуулийн профессор юм. Харин  Д.Хассабис Лондонд төвтэй Google DeepMind судалгааны компанийг хамтран үүсгэн байгуулагч бөгөөд 48 настай. Ж.Жампер тус компанид ахлах судлаачаар ажилладаг. Тэрбээр 39 настай бөгөөд хамгийн залуу Нобелийн шагналтнуудын нэг болжээ.


Google DeepMind бол хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг Америк-Британийн компани юм. 2010 онд Лондонд DeepMind Technologies нэртэйгээр байгуулсан тус компанийг дөрвөн жилийн дараа Google компани худалдан авчээ. Google DeepMind нь мэргэжлийн го даамчныг хожиж чадсан AlphaGo программыг, мөн компьютер тоглоомыг хүн шиг тоглож чаддаг мэдрэлийн эсийн сүлжээг бүтээсэн юм. 


Өнгөрсөн оны химийн салбарын Нобелийн шагналыг квантын цэгүүдийг нээж, нийлүүлэгжүүлэхэд оролцсон Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс, 1999 оноос хойш АНУ-ын “Nanocrystals Technology Inc” компанид ажиллаж байгаа Оросын эрдэмтэн Алексей Екимов нар хүртсэн билээ.


1901 оноос хойш химийн салбарын Нобелийн шагналыг 115 удаа олгожээ. 

Related news