Нүүрснээс хамааралтай байдлаа багасгах шаардлагатайг тодотгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-10 12:19:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгч бага ялгаруулах эдийн засаг руу шилжих өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгараад байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулах чадвараа бэхжүүлэх дорвитой алхам хийх, эдийн засгийн хувьд нүүрснээс хамааралтай байдлаа багасгах шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн томоохон хэсэг нь дээрх цочролд өртөж, ажилгүйдлийг нэмж, орлогыг багасган, илүү олон хүн ядуурч болзошгүйг Дэлхийн банк группийн шинэ тайланд тодотгожээ.


“Уур амьсгал ба хөгжил” тайланд байгаль орчны асуудлыг эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн тавьж, Монгол Улсын уур амьсгал, хөгжлийн асуудалд чиглэсэн бодлого стратегийг дэмжих цогц шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй тусгасан байна.


Тухайлбал, Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалт өгснийг онцлоод, энэ нь 2010 оны түвшинтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал 122 хувиар өсөх дүн болохыг дурджээ.


Монгол Улс одоогоор нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд 9-д жагсаж байгаа тул үүнийгээ илүү багасгах, байгальд суурилсан нүүрстөрөгч шингээгчийг барих, экосистем, хүн ам, эдийн засгийн цочрол, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилттой зэрэгцүүлсэн, богино, дунд хугацааны бодлого хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Тодруулбал, байгалийн капиталын менежментийг оновчтой болгох, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлт, урамшуулал, татварын системийг шинэчлэх, ойн менежмент, нөхөн сэргээлт хийх, хөдөө аж ахуйн ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэн, орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмж, хүлэмийн хийн ялгарлыг багасгахыг зөвлөжээ. Мөн, 2040 он гэхэд нүүрстөрөгчөөс татгалзах хүчин чармайлт нь нүүрсний эрэлтийг багасгаж, энэ нь монголын эдийн засагт эрсдэл дагуулах ч зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмж, өөр боломж бий болгох магадлалтайг тайланд тэмдэглэжээ.



Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Ким-Си Лим “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ирэх 25 жилд 10 гаруй тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Төсөв, бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь эрчим хүчний шилжилтийг хийхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад нэн чухал. ОУСК нь шинэлэг арга хэрэгсэл, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын тогтвортой санхүүжилтийг дэмжинэ” хэмээв.   


ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрсдэлийг даван туулах, малчдад чиглэсэн дорвитой алхмуудыг хийж, янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдаад, “Манай улсын бэлчээрийн мал аж ахуй, 70 сая мал хүлэмжийн хийн ялгаралд ихээр нөлөөлж байгаа нь үнэн эсэхийг шалгах төсөл хэрэгжүүлж байна. Үүгээр хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол зөв эсэхийг эхлээд судалж гаргана” гэдгийг хэлсэн юм. 


Related news