Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг өнгөрсөн өргөтгөн шинэчилж дууссаныг албаныхан мэдэгдэв.
Дулааны IV цахилгаан станцын гол магистраль болох 11гд шугам
нь хотын дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэсэн ч 1983 оноос
хойш 41 жил их засвар, шинэчлэл
хийгээгүй учраас элэгдэл, хорогдолтой, эрсдэл ихтэй шугам байсан. Өргөтгөх
ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос
шугамаар шинэчилсэн байна.
Уг магистралыг шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж байгаа юм. Мөн шинээр 52 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 12 давхар, нэг орцтой, 80 орчим орон сууцны барилга, 6200 гаруй айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэх аж.
Үүнээс
гадна хотын төв, цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р
хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, дамжуулах сүлжээний алдагдал 5-15
хувиар буурах, хотын
сүлжээний горим, найдвартай ажиллагаа дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.