Судалгаа: Ноолуурын ямааны үржүүлгийг төрөлжүүлэх шаардлага тулгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 10 /МОНЦАМЭ/. Уур
амьсгалын өөрчлөлт монгол ямааны ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Тодруулбал, хамгийн сэрүүн бүсэд бэлчдэг, хамгийн нарийн ширхэгт тооцогдох монгол ямааны ноолуурын микрон бүдүүрэх болжээ. Энэ талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ж.Туяацэцэг өнөөдөр ШУТИС-д болсон “Ноолуур судлал-2024” эрдэм шинжилгээний хурлаар танилцуулсан юм. Ноолуурын чанарыг сайжруулах талаар манай эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд юу хэлж, юу хийж буй талаар түүнээс тодруулав.
Уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэж буй дулаарлаас болж сэрүүн бүсэд зохицон амьдардаг, тэр хэрээр илүү
нарийн ширхэг бүхий онцлог байдаг монгол ямааны ноолуурын шинж чанар алдагдаж
байна. Учир нь малд хүйтний булчирхай гэж байдаг. Энэ нь дулаан нөхцөлд цочиж,
арьсанд нь нөлөөлдөг байна.
Тиймээс бид эко системийг
ямар өөрчлөх биш, ноолуурын чиглэлийн монгол ямааг жишээ нь, Ховд, Хөвсгөлийн хойд
хүйтэн сэрүүн бүс нутагт нь тааруулан үүлдэржүүлж, өсгөн үржүүлэх шаардлагатай
болж байна гэв. Социализмын үед манай улсад нарийн нарийвтар ноост хонь хэмээн
үржүүлж байсан шиг ноолуурын ямаагаа төрөлжүүлж өсгөх хэрэгтэй болжээ.
Суурин маллагаа бүхий фермерийн
аж ахуй зонхилсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны малчид ямаагаа сэрүүн, хөргөлтийн
системтэй, хөргүүртэй байранд буюу аль болох хүйтэн нөхцөлд өсгөх болсныг тэрбээр
жишээ татан хэлсэн юм.
Эцсийн бүтээгдэхүүнийн чанар түүхий эдтэйгээ холбоотойгоор голлон шалтгаалдаг учир түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоог эрс өөрчилж сайжруулах хэрэгтэй байгааг судлаач, мэргэжилтнүүд дахин хэлж байлаа.
“Ноолуур судлал-2024” олон
улсын эрдэм шинжилгээний хуралд Япон улсын Шиншүгийн Их сургуулийн текстилиййн
салбарын доктор, профессор Кобаяши Суничи, мөн сургуулийн доктор, профессор
Хидеаки Морикава, ОХУ-ын Москвагийн Нэхмэлийн улсын их сургуулийн профессор
Е.А.Кирсанова нар оролцож, текстилийн үйлдвэрлэлийн технологийн боломж,
ноолууран бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанар, нийгмийн хэрэгцээний талаар тус тус илтгэл тавьсан юм.
Манай улсаас ШУТИС, ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, судлаач нар бэлчээрийн тавлаг байдал, ноолуурын стандарт боловсруулалт, ноос, ноолууран болон нэхмэл бүтээгдэхүүн, хувцасны дахин ашиглалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.