ХОВД: Энэ сарын 17-ноос нийт нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-14 16:39:02

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 21-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулав. 


Энэ сарын 15, 19-нд зарим газраар, энэ сарын 17-нд уулархаг нутгаар, энэ сарын 18-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно.


Салхи энэ сарын 15, 19, 21-нд зарим газраар секундэд 6-11 метр байх бол алтайн салбар уулсаар салхи секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 


Харин бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй. 


Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +8+13 градус дулаан байна. 


Ойрын өдрүүдэд Ховд аймагт цаг агаар дулаан байгаа. Гэхдээ энэ сарын 17-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө -6-11 градус, өдөртөө 0+5 градус, бусад нутгаар шөнөдөө -1-6 градус, өдөртөө +4+9 градус байх төлөвтэй гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.   


Бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх сард нутгийн 30 орчим хувьд сайн, 70 хувьд нь дунд гэсэн үнэлгээтэй байжээ. Харин энэ сард ихэнх сумын нутгаар ургамал хатаж хагдарчээ.  


Сумдад одоо хужир шүү бэлтгэх, малаа оторлуулах ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж, борлуулах ажил үргэлжилж байгаа юм.  

Related news