"Nvidia"-гийн хувьцааны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-15 16:43:11

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 15 /CNBC/. Америкийн технологийн “Nvidia” компанийн хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлснээс хойш арилжаа хаагдах үеийн хамгийн дээд түвшинд хүрчээ. 


Тодруулбал, даваа гаргийн арилжаа хаагдах мөчид Nvidia-гийн хувьцааны үнэ 138.07 ам.доллар (+2.43%) болсон байна. Өмнө нь зургаадугаар сарын 18-нд 135.58 ам.долларт хүрснээр арилжаа хаагдаж байсан юм. Он гарснаас хойш "Nvidia"-гийн хувьцааны үнэ 180 орчим хувиар, 2023 оны эхнээс хойш есөн дахин өсжээ.


"Nvidia"-гийн зах зээлийн үнэлгээ 3.4 их наяд ам.долларт дөхсөнөөр “Microsoft” компанийг гүйцэж түрүүлсэн боловч зах зээлийн үнэлгээ нь 3.5 их наяд ам.доллар даваад байгаа “Apple” компанийн ард бичигдсэн хэвээр байна. 


"Microsoft", "Alphabet", "Amazon" болон бусад томоохон технологийн компаниуд хиймэл оюун ухааны төсөлдөө зориулж "Nvidia" процессоруудыг асар их хэмжээгээр худалдан авч байгаа бөгөөд эдгээр компани улирлын тайлангаа 10 дугаар сарын эцэс гэхэд танилцуулах юм. “Mizuho Financial Group”-ийн мэдээлснээр, "Nvidia" нь хиймэл оюун ухааны чипний зах зээлийн 95 орчим хувийг эзэлж байгаа бол технологийн компаниуд хиймэл оюун ухааны системээ хөгжүүлэхэд зарцуулсан олон тэрбум ам.долларын зардлын үлэмж хэсэг тус компанид ногдож байна. 


Компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан “Blackwell”-ийн дараагийн үеийн хиймэл оюун ухааны чипийг үйлдвэрлэж эхэлснийг мэдэгдсэний дараа Nvidia-ийн хувьцааны үнэ 10 дугаар сард өсжээ. 


Ж.Хуан “Forbes Real-Time Billionaires” жагсаалтын 11 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд түүний хөрөнгө 10 дугаар сарын 15-ны байдлаар 120.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор Ж.Хуаны хөрөнгө 2.8 тэрбум ам.доллароор (+2.39%) нэмэгджээ.


Related news