Аймгийн хэмжээнд 843 хүн нэр дэвшин өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хувьд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Сэлэнгэ аймгийн нийт 17 суманд 68 хэсэг дээр санал авах байр ажиллана. Энэ 68 хэсгийн санал авах байранд 450 гаруй хүмүүс ажиллаж байгаа ажээ. Тухайлбал сумын сонгуулийн хороонд 101, аймгийн сонгуулийн хороонд 7, мэдээлэл технологийн даамлаар 77, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 80 гээд нийтдээ 640-650 хүн энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж байгаа. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймгийн хэмжээнд нийт 843 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд энд МАН, АН, бие даагч гэсэн 3 суббект оролцож байгаа ажээ.
Мөн аймгийн сонгуулийн хорооноос Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын нэгдсэн сургалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Түүнчлэн иргэний бүртгэлийнхээ программ хангамж, нэрсийн жагсаалтаа хэвлэн гаргаад, санал тоолох төхөөрөмж, саналын хуудасны хамт цагдаагийн хамгаалалтан дор сумдадаа хүргэжээ. Ингэж сумдад саналын хуудас, санал авах төхөөрөмж очсоноор санал авах байрны үндсэн үйл ажиллагаа эхэлж байгаа хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Э.Оюунболд ярилаа. Одоогоор сонгуулийн сурталчилгаатай холбоотой маргаан гараагүй. Орхонтуул суманд нэг нэр дэвшигч тухайн сумын иргэнээ бүртгүүлээгүй гэсэн хуулийн шалтгаанаар нэр дэвшигчийн жагсаалтаас хассан, бусад сумд тайван байгаа тухай тэрээр мэдээллээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг