Ханнэс Такаш: Бид сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулж, санхүүжүүлэхэд бэлэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол дахь Монгол-Америкийн Худалдааны танхим (АмЧам) намрын, ээлжит уулзалтаа “Эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдвээр өнөөдөр “Блью Скай” зочид буудалд хийв.
Монгол Улсад эрчим хүчний шилжилтийн гол хөдөлгүүр, хөшүүрэг нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж, нэмэгдүүлэх явдал гэдэгт уулзалтад оролцогч нар санал нэг байв. Харин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг дээр төвлөрч, энэ талаар салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэгвэл хөрөнгө оруулах ямар боломжууд байна гэдгийг өнөөдөр голлон хэлэлцэв.
АХБ-ны суурин төлөөлөгч,
улс хариуцсан захирал Шэннон Коулин
хэлэхдээ, “Эрчим хүчний эх үүсвэр, нөөц багатай улс орнуудыг бодвол Монгол
Улсад аль аль нь байгаа гэдэг утгаар сэргээгдэх эрчим хүч хөгжих боломж их
байна. Зүүн өмнөд Азийг хангах зах зээл нь ч бий. Гол нь энэ салбарыг хөгжүүлэх
талаар гарах шийдвэр удаан байна” гэв.
Сэргээгдэх эрчим хүчний салбар Монголд төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаагаар хөгжих боломжтойг тэрбээр тодотгоод, ингэхийн тулд төр, засгийн алсыг харсан бодлого, төлөвлөлт чухал байгааг онцоллоо. Хувийн хэвшлийг хөнгөлөлттэй зээл, Засгийн газрын баталгаа гаргах, ногоон зээлийн зарчмыг хэрэгжүүлэх зэрэг хөшүүрэг аргаар дэмжвэл энэ салбарт хөрөнгө орох боломжтой, цаашид үнэ тариф ч өрсөлдөөнөөр буурна. Мөн шинэ технологи нэвтрүүлэх нь чухал гээд АХБ-наас хэрэгжүүлж буй цахилгаан эрчим хүч хуримтлуулах баттерейн станцаар жишээ татсан юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний салбарын эх үүсвэрийг аль болох олон болгож, төрөлжүүлж, нүүрснээс шилжихэд анхаарч байна. Гэхдээ энэ бол нэг өдөр шийдчих зүйл биш. Салбарын үнэ тарифыг чөлөөлөх, бодит өртгийг гаргаж тогтоох, ус, нар, салхины гээд цаашид эрчим хүчний аль эх үүсвэрийг чухалчлах, шугам сүлжээг шинэчлэх гээд шийдэх, дэс дараатай хийж хэрэгжүүлэх зүйл их байна гэв.
Европын сэргээн босголт,
хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь захирал Ханнэс Такаш хэлэхдээ, сэргээгдэх
эрчим хүчийг хөгжүүлэхэд юуны өмнө энэ салбарын эрх зүйн орчинг тогтвортой
бүрдүүлбэл үр дүнтэй хэрэгжинэ гээд энд Укбекистан улсын жишээг дурдлаа.
Тэрбээр, "Бид Монгол Улсад
сэргээгдэх эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулж,
санхүүжүүлэхэд бэлэн байна. Яагаад гэвэл, энэ нь эрчим хүчний уламжлалт аргуудыг
халж, байгаль орчинг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой" гэсэн юм.