ДУНДГОВЬ: ИТХ-ын 9 дэх удаагийн анхдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-28 12:31:37
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн анхдугаар хуралдаан өнөөдөр 12.00 цагт аймгийн ЗДТГ-ын Говь танхимд эхэллээ.


Хуралдааныг төлөөлөгчдийн хамгийн ахмад настай төлөөлөгч Б.Цэрэнмөнх удирдаж, хэлэлцэх асуудал, хуралдааны  дотоод журмыг танилцуулж, батлуулав.


Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай сонгуулийн хорооны мэдээлэл танилцуулж, бүрэн эрхийг зөвшөөрөх, хуралдааны дэг батлах, ИТХ-ын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын зөвлөл байгуулах гэсэн таван асуудлыг хэлэлцэхээр баталлаа.


Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 25 мандаттай. Ээлжит сонгуулиар Монгол ардын нам 16, Ардчилсан нам 9 суудал авч, Монгол ардын нам олонх болсон.


Төлөөлөгчдийн 64 хувь нь анх удаа сонгогдсон ба тэдгээрийн 28 хувь нь эмэгтэй, 72 хувь нь эрэгтэй төлөөлөгч байна. Насны хувьд авч үзвэл 30-39 насны төлөөлөгч 9, 40-49 насны төлөөлөгч 12, 50-59 насны төлөөлөгч 2, 60-аас дээш насны төлөөлөгч 2 байгаа юм.  


Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. 





Related news