ДАРХАН-УУЛ: Камерын системийг цогцоор нь шийдвэрлэх талаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-30 09:32:50

Дархан, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа Цагдаагийн газрын удирдлагын баг бүрэлдэхүүнтэй уулзалт хийв. Уулзалтаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулах, холбогдох хууль, журмын хэрэгжилт, явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.


Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэхэд хамгийн чухал хэрэгсэл нь хяналтын камерын бичлэг болж байна. Тиймээс Дархан  хотыг бүрэн камержуулах, камерын нэгдсэн системд төвлөрүүлэх асуудлыг Цагдаагийн газраас дэвшүүлж, уг асуудалд аймгийн ИТХ болон ГХУСАЗСЗ-өөс анхаарал хандуулахыг хүслээ.




Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023-2024 онд орон нутгийн төсвөөс хөдөлгөөнт болон суурин 308 камер шинээр суурилуулсан бөгөөд нийт 460 гаруй камертай болсон байна. Ингэснээр нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг камерын хяналтад оруулжээ.


Мөн 1500 гаруй ААНБ-ыг хуулийн хүрээнд гадна дотор талыг камержуулах чиглэл өгч хэрэгжүүлсний дагуу хяналтын камерын тоо өсөж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас танилцуулав.


Аймгийн ИТХ-ын Хороодын төлөөлөгчид эрхлэх асуудлын дагуу хяналтын камерын асуудлыг хэлэлцэж, улмаар ИТХ-ын Зөвлөл, хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэн батлуулах дарааллаар уг асуудлыг шийдвэрлэнэ. Тиймээс шаардлагатай судалгаа, төсөв, тулгарч буй хүндрэл, камерын ашиглалт, хамгаалалтад шаардлагатай урсгал зардлыг давхар тусган дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөгчдөд өгөх шаардлагатай гэж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа онцлов. Түүнчлэн аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийг багасгах асуудалд бүх талаар дэмжин ажиллах болно гэв.




Ташрамд, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд торгох шийтгэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40 хүртэлх хувиар аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр заасан ба үүний 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бусад ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ” гэж заажээ. 

Related news