БАЯНХОНГОР: Бүжгээр эрүүлжих аянд нэгдэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр, Биеийн тамир спортын газар, “Хонгор”, “Шинэ ертөнц” бүжгийн клубүүдтэй хамтран бүжгээр амьсгалах, эрүүл мэндээ дэмжих “Бүжгээр эрүүлжье” аяныг зохион байгуулж байна.
Тус аян хүн амын дунд бүжгээр хичээллэх сонирхлыг өрнүүлж, иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, бүжгийн спорт, нийтийн бүжгийн дасгал хөдөлгөөнийг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилготой. Аяны хүрээнд долоо хоног бүрийн баасан гаргийн 18:00-19:30 цагт, бямба гаргийн 7:00-8:30 цагийн хооронд нийтийн бүжгийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж хэвшжээ.
Аяны хугацаанд мэргэжлийн байгууллагууд иргэдэд эрүүл мэндийн дасгалууд, шугаман бүжиг, цэнгээнт бүжгийн төрлүүдээс зааж сурган, эзэмшүүлэх, дадал болгоход хамтран ажиллаж байна. Аян ирэх жилийн 5 дугаар сар хүртэл үргэлжилнэ.
Бүжгээр эрүүлжих аянд нэгдэж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулна. Иргэдийг бүжгээр эрүүлжиж, эрүүл чийрэг бие бялдартай, цог золбоотой, амьдралын эрч хүчээ нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг зохион байгуулагчид уриаллаа.