Леброн Жэймсийн хүү анхны оноогоо авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-31 17:15:48

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 31 /BBC/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ ээлжит улирлын тоглолтод “Лос-Анжелес Лэйкерс” баг “Кливленд Кавальерс” багт 110:134 харьцаатай хожигджээ. 


Тоглолтын хамгийн олон буюу 26 оноог “Лэйкерс” багийн довтлогч Леброн Жеймс, “Кливленд” багаас хамгийн олон оноог Эван Мобли (25) авсан байна. 


"Лейкерс" багийн бүрэлдэхүүнд НБА-гийн улиралд анхны удаа оролцож байгаа Леброн Жеймсийн хүү Бронни Жеймс тоглолт дуусахад 5 минут дутуу байхад талбайд гарахдаа анхны оноогоо /2/ авлаа. 


"Лейкерс" баг Бронниг энэ зун драфтын хоёрдугаар тойрогт сонгож авсан. Тэрбээр өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Тэрбээр Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт 2.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт 2.1 байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Бронни бэлтгэлийн үеэр зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдэж байв. Түүнд сагсан бөмбөгийн талбайд үргэлжлүүлэн гарахыг 11 дүгээр сард зөвшөөрчээ. 


"Кливленд" НБА-гийн ээлжит улирлын эхэнд таван тоглолтод хожиж, нэг ч хожигдолгүйгээр Дорнод бүсийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Лэйкерс” багийн хувьд таван тоглолтын гуравт нь хожиж, Өрнөд бүсийн хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж байна. “Кливлэнд” дараагийн тоглолтоо 11 дүгээр сарын 2-нд “Орландо” багтай хийх бол “Лэйкерс” энэ өдөр “Торонто” багтай мөн зочлон тоглоно.

Related news