ӨМНӨГОВЬ: Ахлагчийн бие бүрэлдэхүүний хөгжил, нийгмийн асуудалд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-09 22:16:01

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр 2023 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 9-ний өдрийг “Зэвсэгт хүчний ахлагчийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон билээ.


Тэмдэглэлт өдрийг угтаж, Даланзадгад цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн харилцан туршлага солилцож, тэмцээн уралдаан, сайн үйлсийн аян зэрэг олон ажлыг санаачлан зохион байгууллаа.

 

Энэхүү тэмдэглэлт өдөр нь алба хаагчдад албаараа бахархах үзэл төлөвшүүлэх, тэдний манлайлал, төлөвшилд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байх зорилготой юм.


 

"Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр"-т зориулсан баярын хуралд Өмнөговь аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын захирагч, дарга нар хүндэт зочноор уригдан оролцлоо.

 

Өмнөговь аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дэнээдорж баярын хурлын үеэр ажил үйлсээрээ, хамт олноо манлайлан ажилласан зарим ахлагч нарыг аймаг, орон нутгийн шагналаар шагнан урамшуулж, "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн цөмийг бүрдүүлэн ажиллаж байгаа ахлагчийн бүрэлдэхүүний хөгжил, нийгмийн асуудлыг  хууль эрх зүйн хүрээнд нөөц боломжид тулгуурлан бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудал нь орон нутгийн удирдлага, цаашлаад төр засгийн анхаарлын төвд байх ёстой гэдгийг онцлон хэллээ.

Related news