БАЯН-ӨЛГИЙ: Ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-13 12:14:36

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Баян-Өлгий, Ховд, Увс аймагт “Аймаг, сумын төвийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийг 2024-2029 онд хэрэгжүүлнэ.


Төслийн санхүүжилт нь 270 сая ам.доллар бөгөөд үүнээс Монгол Улсын Засгийн газар 20.7 сая, Азийн хөгжлийн банк 93 сая, Уур амьсгалын ногоон сан 75.2 сая, Европын хөрөнгө оруулалтын банк 63.4 сая, банкны салбар, хувийн хэвшлээс 17.7 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ.


“Аймаг, сумын төвийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” удирдлагын баг өнгөрсөн баасан гарагт Баян-Өлгий аймагт ажилласан. Төслийн хүрээнд тус аймгийн төвийн 5, 13 дугаар баг, Дэлүүн сумын төвд зам, шугам, сүлжээ, усан сан, үерийн усны хамгаалалтын байгууламж, агропарк, олон нийтийн төв, дотуур байр, спорт комплекс зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Бэлчээр ашиглагчдын хэсгүүд байгуулж жижиг төслүүдэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх, сум дундын, аймгийн, бүсийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг хоршоо байгуулах, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоонд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, лаборатори, хорио цээрийн байгууламж барих, тэжээлийн ургамал тариалахад шаардагдах услалтын систем байгуулахаар төлөвлөж байгаа.


Мөн мал аж ахуйн бизнесийн өртийн сүлжээг төрөлжүүлэх чиглэлээр уйл ажиллагаа явуулж буй гэрчилгээтэй малчид, малчдын хоршоо, бусад бизнесийн түншүүдэд арилжааны банкнуудаас бага хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх урт хугацаатай, эргэн төлөлтийг тохируулах боломжтой хөрөнгө оруулалтын зээл олгох, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, дэд бүтцийн үйлчилгээний менежментийг сайжруулах, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бэлчээр, хөдөө, аж ахуйн менежментийг бэхжүүлэх агро бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг зорьж байна.   

Related news