ӨВӨРХАНГАЙ: Элчин сайд Кэйт Смит орон нутагт хэрэгжих төслүүдийг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйт Смит, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нар Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга болон албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон юм.
Тухайлбал, Австрали улсын санхүүжилтээр хэрэгжих “Уур амьсгалын өөрчлөлт ба эмэгтэйчүүдийн манлайлал” төсөл, бага насны хүүхдийн унших боловсролыг дээшлүүлэх “Хамтдаа уншицгаая” төслийн талаар мэдээлэл өгч, ирэх оны эхний сард Өвөрхангай аймагт ажиллахаар төлөвлөснөө хэлэв.
Мөн Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрт Өвөрхангайн оюутан, залуусыг хамруулах талаар онцлон ярилцлаа. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах зэрэг олгох боломжийг олгодог. 2025 онд хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын албан хаагчдад нийт тэтгэлгийн 50 хувийг олгох юм.
Хөтөлбөрийн
дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хаягаар авах
боломжтой юм.