Д.Цэцэгмаа: Энэ онд кабинетаар болон урьдчилан сэргийлэх чиглэлээр 2200 орчим үзлэг, шинжилгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-01 15:57:03

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг “Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон 1988 оноос хойш тэмдэглэж иржээ. Манай улс энэ жил тус өдрийг Хүний эрхийг дээдлэн зөв чигт урагшилъя уриан дор тэмдэглэж байна.


2023 оны эцсийн байдлаар дэлхий даяар 39.9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгааг НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс мэдээлсэн. Тэдгээрийн 53 хувийг охид, эмэгтэйчүүд эзэлж байна. Дэлхий дахинаа ХДХВ-ийн халдварын шалтгаанаар жилд 630 мянган хүн нас бардаг аж.


Манай улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл ХДХВ/ДОХ-ын халдвартай 388 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсээс 66 нь нас барсан байна.


Өвөрхангай аймгийн хувьд энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч бэлгийн замаар дамжих халдварт өвчлөл багагүй байна. 2024 оны эхний 10 дугаар сарын байдлаар 127 тохиолдол бүртгэгдсэний 37 хувь нь заг хүйтэн, 59.8 хувь нь тэмбүү, 3.2 хувийг трихомониаз эзэлж байгаа юм.



ДОХ-ын халдвартай тэмцэх өдрийг тохиолдуулан аймгийн БОЭТ-ийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмч Д.Цэцэгмаагаас мэдээлэл авлаа.


-Өвөрхангай аймагт ХДХВ/ДОХ-ын халдвар бүртгэгдсэн тохиолдол бий юу? Хэдэн жилийн өмнө энэ тухай батлагдаагүй үг яриа сонсогддог байсан.

-Одоогоор манай аймагт энэ халдвар илэрсэн тохиолдол байхгүй. Арав гаруй жилийн өмнө тус аймгийн регистрийн дугаартай хүн хотод оношлогдсон. Гэхдээ Өвөрхангайд амьдардаггүй учраас хотод эмчийн хяналтад бүрэн байдаг. Тэгэхээр манай аймагт бүртгэгдсэн гэж хэлэхгүй.


-ХДХВ, ДОХ хоёр нь ялгаатай юу?

-Хүний дархлал хомсдлын вирус буюу хүнээс хүнд халдварладаг эмгэг үүсгэгч бичил биетнийг ХДХВ гээд байгаа. Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь хүний дархлаа хомсдож дутагдалд орсны улмаас ХДХВ-ээр үүсгэгддэг өвчин юм. Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг.


-ХДХВ-ийн халдвар авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойших гурван сарын хугацааг цонх үе гэдэг. Энэ хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй. Гурван сарын дараагаас цусанд вирус илэрдэг. Өөрт мэдэгдэх шинж тэмдэг нь ядрах, сульдах, жин буурах, хөлрөх болон эмнэлзүйн үе шатнаасаа хамаараад эрхтэн тогтолцооны эмгэгүүд илэрнэ.


-Халдвар ихэнхдээ бэлгийн хавьтлаар дамжих уу?

-Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох

 Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх

 Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх

 ДОХ-ын халдвартай эхээс урагт хөхний сүүгээр тус тус халдварлана


-Вирус тээсэн ч энэ нь эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдээгүй байх, өөрөө мэдэхгүй байх боломжтой юу?

-Цонх үеийн хугацаанд өөрөө мэдэх боломжгүй учраас бусдад халдвар тараах боломжтой. ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Тэгэхээр хүмүүс сайн дурын үндсэн дээр эмнэлэгт хандаж, шинжилгээнд хамрагдах нь чухал. Сэжигтэй тохиолдол илэрвэл бид ХӨСҮТ рүү явуулж, баталгаажуулна. Мөн эрүүл мэндийн ажилтан нь нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.

Ямар ч хүнийг гаднаас нь хараад бэлгийн замын халдварт өвчинтэй гэж мэдэхгүй. Өөрөө ч мэдэхгүй. Тийм учраас ядаж жилд нэг удаа ДОХ, тэмбүүгийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах нь чухал. Халдвар авсан тохиолдолд эрт оношлогдох тусам эрт эмчлүүлэх боломжтой.


-Аймгийн БОЭТ-д бэлгийн замын халдварт өвчнийг бүрэн төгс оношлох лаборатори байгаа юу?

-Манайх PCR шинжилгээг нэвтрүүлж, мазокоор илэрдэггүй өвчнийг илрүүлэх чадамжтай болсон. Папиллома вирусээр үүсгэгддэг 29 төрлийн хэв шинж, бэлгийн замаар дамжиж халддаг 7 төрлийн халдварыг тодорхойлно. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол даатгалын сангаас 110 мянга, хувь хүн 49 мянган төгрөг төлөөд PCR шинжилгээ хийлгэж болно.


-Бэлгийн замаар дамжих халдварт өвчний байдал хэр байна вэ?

-Энэ онд кабинетаар болон урьдчилан сэргийлэх чиглэлээр 2200 орчим үзлэг, шинжилгээ хийгээд байна. Үүнээс зонхилон тохиолддог халдвар 160 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс тэмбүү 68, заг хүйтэн 55 илэрсэн. Энэ нь урд оноос буурсан үзүүлэлттэй байна. 

 

-     

Related news