Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0,7 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 15:47:13

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Хүүхдийн тусламжийн 108 утас хоногт 250-320 дуудлага хүлээн авч байна. Нийт дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0,7 хувиар багасжээ.


Өнгөрсөн сарын 30-ны байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 59520 дуудлага нь зорилтот, 33205 нь зорилтот бус дуудлага байжээ. Зорилтод дуудлагын 11916 нь хүүхэд хамгааллын байсан бол зөвлөгөө хүссэн 5065, мэдээлэл хүссэн 42451 дуудлага бүртгэгджээ.


Зарим иргэн 108 утас руу андуурч залгах, хүүхдүүд тоглоом хийж ярих нь элбэг. Нийт дуудлагын 40 орчим хувийг зорилтот бус дуудлага эзэлдэг аж. Харин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны 11-р сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад авах шаардлагатай 278 хохирогч хүүхдийг хүлээн авч, холбон зуучлах үйлчилгээ үзүүлжээ.



Гэмт хэргийн хохирогч, асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг энэ төв хүлээж аваад, дүүрэг, орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнд холбон зуучилдаг. Энэ онд 278 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсний 174 хүүхэд ар гэртээ эргэн нэгджээ.


Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд үйлчилгээ авч буй хүүхдүүдийн 54,8 хувь нь төрсөн эцэг, эх нь архины хамааралтай байдлаас үүдэн үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгааг ГБХНХЯ мэдээлжээ. 

Related news