БАЯНХОНГОР: 287.24 га талбайг нөхөн сэргээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2021-2024 онд 287.24 га талбай буюу нийт эвдэрсэн газрын 40 хувийг нөхөн сэргээжээ.
Тус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан байна.
Баянхонгор аймгийн эвдэрсэн газрын тооллого, судалгаанд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон нийт 729.24 га талбай бүртгэгдсэн байдаг байна. Цаашид аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт эвдэрсэн газруудыг 100 хувь нөхөн сэргээхээр тусгажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж тусгагдсан. Үүний хүрээнд улсын хэмжээнд "Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.