БАЯН-ӨЛГИЙ: Гадуур анги, бүлгээрээ шинэ жил тэмдэглэхгүй байхыг чиглэл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-12-17 10:49:17

Өлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт чиглэл хүргүүллээ.


Тус албан бичигт, "Сүүлийн үед боловсролын байгууллагууд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэрээр хуульд заагаагүй төлбөр, хураамж авч байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл учруулахаас гадна цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж байна.


Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт их байгааг анхааруулж байгаа.


Боловсролын байгууллагууд шинэ жилийг хүүхдүүдийн дунд нэгдсэн үйл ажиллагаа хэлбэрээр нэг удаа зохион байгуулах ба харин гадуур анги, бүлгээрээ үдэшлэг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх чиглэлийг хүргүүлж байна.


Иймд энэхүү чиглэлийг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хүсье" хэмээжээ.


Үүнтэй холбоотойгоор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Хонаев сургуулиудад албан тоот хүргүүлж, Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургуулийн удирдлага, багш нар сурагчдад хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.   

Related news