БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн төсвийг энэ сарын 25-ны өдөр хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-12-19 16:38:29

Өлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан энэ сарын 4-ний өдөр хуралдсан ба тус хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон төсөвтэй холбоотой таван асуудлыг УИХ-аас улсын нэгдсэн төсвийг баталсны дараа хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн юм.


Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн сарын 20-ны өдөр 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурал хоригийг хүлээн авсан тул ирэх оны төсвийн төслийг хоёр дахь удаагаа хэлэлцэн энэ сарын 12-ны өдөр баталлаа.


Иймд орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах боломж бүрдсэн тул аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдааныг энэ сарын 25-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулах юм.


Хуралдаанаар аймгийн 2025 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хийх засвар үйлчилгээ, аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцэж батална гэсэн хүлээлттэй байна.  

Related news