ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээгүй хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-23 14:36:49

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилт, цаг агаарын байдал, ханиад томууны дэгдэлт болон цаг үеийн байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн, зарим үүрэг даалгаврыг өглөө.


Дархан-Уул аймгийн хэмжээнд одоогоор өвөлжилт хүндрээгүй хэвийн, нийт нутгаар цасны зузаан 10 см хүртэл байна.


Томуу, томуу төст өвчинтэй холбоотой амбулаторийн үзлэг өмнөх 7 хоногоос 20 хувиар буурсан бол Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон нэмэлтээр нийт 154 ор дэлгэж, эмчилгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгааг ЭМГ-ын дарга мэдээлэв.


Аймгийн хэмжээнд цаг үеийн нөхцөл байдал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хэмжээнд хүрээгүй бөгөөд цаашид өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодотгохыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.


Мөн өнөөдрөөс эхлэн ЕБС-ийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын амралт эхэлж буйтай холбоотой малчид хүүхдүүдээ малд явуулахгүй байхыг малчид, мал бүхий иргэдэд анхааруулахыг Онцгой байдлын газар, Мэдээлэл технологийн албаныханд үүрэг болголоо.


Галлагааны улиралд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, ил задгай үнс нурам асгахгүй байх, угаарын хийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээлэл өгч ажиллахыг дээрх хоёр байгууллагад даалгалаа.


Агаарын чанар, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг аймгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штабт долоо хоног бүр гаргаж өгөх, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухайд нь өгөхийг УЦУОШГ, МТА-нд үүрэг болгов.


Засгийн газрын тогтоолоор бүрдүүлдэг аймаг, сумдын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг газар дээр нь биечлэн шалгахыг ХХААГ-ын даргад тус тус үүрэг болголоо. 









Related news