С.Одонтуяа: ТББ-уудын туршлагыг харгалзан хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай улсад хэдэн жилийн өмнөөс нийгэмд Тогтвортой хөгжлийн боловсролыг олгох талаар эрчимтэй ярьж хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлтийн талаар мөн нийгэмд мэдээлэл, мэдлэг олгох шаардлагатай байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа боловсрол, байгаль орчны холбогдох байгууллагын удирдлага, тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчид оролцсон “Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр” уулзалтаар хөндлөө.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг олгох зорилгоор ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт энэ талаар тусгаад буйг БОУАӨЯ болон Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Энд сургалтын бүх хичээл хувь нэмрээ оруулах учиртай. Сургалтаас илүү ур чадвар чухал байна. Хөтөлбөрийн шинэчлэл нь хариуцлагатай шийдвэр гаргах чадварыг хүүхэд, залуучууд, иргэдэд суулгахад оршиж буйг Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар онцолж байв.
“Байгаль
орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг: Уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан
асуудлыг олон нийтэд хүртээмжтэй таниулах нь чухал байна.
Уулзалтын үеэр БОУАӨЯ ногоон хөгжлийг дэмжих үүднээс хувийн хэвшлийн болон байгаль орчны ТББ-уудтай хамтран ажиллахаар болж, өнөөдрөөс хамтын ажиллагаа эхэлж буйг салбарын сайд мэдэгдлээ.
Олон нийтийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад ямар шаардлага голлон тавьж буйг түүнээс тодруулбал, салбарын хэмжээнд маш олон ТББ бий. Бид аль болох тэдгээрийг нэгтгэсэн нэгдсэн холбоодтой нь зангидан ажиллана. Гол нь туршлагыг харгалзан хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Яамны үйл ажиллагааны
хувьд нэгд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэстэн болох, үүнд бэлэн байх, хоёрт, уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулахад хүний хүчин зүйлээс хамаарах бүх зүйлийг хийх, үүнд анхаарах, эцэст нь ногоон эдийн
засагт шилжих, энд нийгмийн оролцоог хангах гэсэн гурван гол үндсэн чиглэлээр ажиллаж
байна гэв.