ДОРНОГОВЬ: Үзлэгийн 90 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор хүүхдийн эмчид үзүүлж байгаа 100 гаруй үзлэгийн 90 гаруй хувь нь томууны өвчлөл байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 14 насны 134 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин ӨЭМТ-үүд өдөрт 120-180 үзлэг хийж буйн 30-50 хувь нь мөн л томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Хэвтэн эмчлүүлээд гарч буй хүүхэд бүрийг уушгины хатгалгаа нь бүрэн эдгэрсэн гэж үзэхгүй, хамгийн багадаа нэг сар болж байж гүйцэд эдгэрдэг тул хүүхдүүд эмчилгээний дараа гам сайн барих, дулаан хувцас өмсөж, шингэн зүйлийг халуун бүлээнээр уулгах, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх, эрт унтах, цэвэр агаарт сайн гаргах, аарц цагаан идээ хэрэглэхийг эцэг эхчүүдэд зөвлөлөө.
Томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тул Дорноговь аймгийн
Онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлт
ихэссэнтэй холбогдуулан энэ оны 12 дугаар сарын 24-31-нийг хүртэл
Сайншанд болон Замын-Үүд сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим
хэлбэрт шилжүүлээд байна.