Хүүхдийн нэг уут бэлгэн дэх сахарын агууламжийг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаж буй хүүхдийн бэлгийн багцад шинжилгээ хийснээ танилцууллаа.
Дээрх гурван байгууллага өнгөрсөн долоо хоногт томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд стандартын шаардлага хангаагүй хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, таван багц, 37 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байгааг тогтоосон байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр үзүүлэлт юм. Чихрээс авах илчлэгээр тооцвол 591 ккал буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байгаа аж. Тус байгууллагаас өдөрт авах нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхыг зөвлөдөг билээ.
7-10 настай эрэгтэй хүүхэд 1820, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэгийг хоногт хүнсээр авах хэмжээтэй байдаг. Тэгвэл буруу хооллолтоос үүдэлтэй хүүхдийн таргалалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрүүл, зөв зохистой хооллохыг уриалж байгаа юм. Түүнчлэн сахаргүй бэлэг хүүхдэдээ бэлэглэхийг уриаллаа.
Стандарт хэмжил зүйн газрын
дарга С.Батбаатар ярихдаа, “Хүүхдийн
бэлгэнд шинжилгээ хийхэд хаяг, шошгын ноцтой зөрчлүүд илэрсэн. Монгол Улсын
хэмжээнд хаяг, шошгын асуудал алдагдсан байна. Тухайлбал, хүүхдийн бэлэг нь дээр харшил үүсгэгчийн
талаар нэг ч мэдээлэл байгаагүй. Мөн
импортын хүнсний түүхий эдийн бүтээгдэхүүний шошгонд агуулах мэдээллийг монгол хэлээр бичсэн
байх ёстой. Гэтэл тийм зүйл алга.
Үүнээс гадна ууттай бэлгэнд хэзээ үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь
тодорхойгүй хоёр, хүчинтэй хугацаа нь дууссан долоон хүнсний бүтээгдэхүүн
байсан зөрчил илэрлээ. Үүнээс
харахад бид цаашдаа хаяг, шошгын асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай
байгааг харуулж байна. Монгол хүн өнөөдөр ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь
мэдэгдэхгүй байна" гэв.