Музейн үзэгчийн тоо 40 хувиар өсөж, 1.1 саяд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсад музейн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан музейн салбарынхан хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.
1924 оны 12 дугаар сард үндэс сууриа тавьж олон нийтэд үйлчилж эхэлсэн Монголын музейн салбар эдүгээ 40 гаруй музейг барилгатай болж, 336 мянга гаруй үзмэр, 1200 гаруй ажилтантай болж хөгжжээ.
Монгол Улс 2021 онд “Музейн тухай хууль” баталсан Азийн цөөхөн орны нэг билээ. Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм.
Хүндэтгэлийн хуралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал,
залуучуудын сайд Ч.Номин нээж
хэлэхдээ, “100 жилийн өмнө музей хэмээх байгууллага Монгол Улсад үүсэж, соён гэгээрэлд үнэтэй хувь
нэмэр оруулж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш үндэсний үнэт өвийг цуглуулах,
хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах үүргийг биелүүлсээр
өнөөдөртэй золгож байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид Музейн тухай анхдагч
хуулийг батлуулж, 16 хүртэлх насны хүүхэд музейгээр үнэ төлбөргүй, хөгжлийн
ялгаатай иргэд, ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг
бүрдүүллээ. Үүнээс гадна жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт
иргэдийг музейн үйл ажиллагаанд үнэ, төлбөргүй хамруулах “Музейн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж хэвшлээ.
Чингис хаан Үндэсний музей, орон нутаг судлах 2 музейг
ашиглалтад оруулж, 4 музейн барилга угсралтын ажил дуусаад байна. Мөн музейн
хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүх
музейн хамгаалалт, аюулгүй байдлын системийг бүрэн шинэчиллээ.
2019 онтой харьцуулахад музейн үзэгчийн тоо 40 хувиар өсөж,
1.1 саяд хүрсэн бол орлого 1.5 дахин өсөж 4.2 тэрбум төгрөгт хүрээд байна.
Музейн салбарын ажилтан, албан хаагчдын тоо 2019 оныхтой харьцуулахад 12.5 хувиар өслөө.
Чингис хаан Үндэсний музейг National Geographic агентлаг
2024 онд заавал үзэх музейн нэгээр нэрлэсэн бол Францын Historia сэтгүүл
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2023 оны шилдэг
үзэсгэлэнгээр шалгаруулсан.
Цаашид Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Археологи, угсаатны зүйн музейг ашиглалтад оруулж, музейг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд хөгжүүлэхээр зорьж байна” хэмээв.
Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн уншиж танилцуулав. Мөн УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн хуралдаанд төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгч оролцов.