ЗАВХАН: Шагайн соёлыг түгээн дэлгэрүүлж буй "Даян мэргэн" холбоо шилдгийн шилдэг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн харваачдын "Даян мэргэн” холбоо нь 2024 оны Монгол Улсын шилдгийн шилдэг холбоогоор шалгарчээ. Тус холбоо нь 2023 оны ажлаараа Монголын шагайн харвааны холбооны шилдэг салбар холбоогоор шалгарч байсан бол энэ жил шилдгийн шилдэг өргөмжлөлийг хүртлээ.
Энэ бол "Даян мэргэн" үйл ажиллагааг дөрвөн жилийн хугацаанд тогтвортой, хүртээмжтэй зохион байгуулж үр дүнд хүрсэн Завханы харваачдын амжилт юм.
Шагайн спорт-соёлыг хөгжүүлэх үйлсэд
тогтмол хамтран ажиллаж, бодлогоор дэмждэг нутгийн захиргааны байгууллагуудын хамтын
ажиллагааны үр дүн юм.
Шагайн соёлыг
түгээн дэлгэрүүлэгч аймаг бол Завхан. Ялангуяа сартуул шагайн харваагаар
сүүлийн 300 орчим жил буюу 6-8 үе дамжин цэц мэргэнээ сорьж байна.
Тиймээс, Завхан аймаг шагайн соёлын өлгий нутаг болохын хувьд өв тээгчдээ алдаршуулах, тэдний арга барил, өвөрмөц чадваруудыг таниулах. Өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааг сэргээн дэлгэрүүлж хөгжүүлэх, монгол өв, соёлын дархлааг бий болгох, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит нөлөө үзүүлэх зорилгоор 2021 оноос “Даян мэргэн” үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж 2024 онд дуусаж байна.
"Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн,
дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд Завхан аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29
сургууль, тусгай мэргэжлийн 2 сургууль нийт 31 сургалтын байгууллага болон
төрийн 7 байгууллагад шагайн харвааны сургалтын зурхай, гарын авлага, 8 клубт иж бүрэн сургалтын хэрэгсэл олгосон
байна.
Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харваач байсан бол
"Даян мэргэн" үйл ажиллагаа хэрэгжсэнээр шагайн харваагаар идэвхтэй
хичээллэж буй өвлөн уламжлагчийн тоо 500 гаруй болжээ.
“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр шагайн харвааны хүүхдийн 8 клуб байгуулсан байна. Энэхүү төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгосон тухай Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбооны тэргүүн Г.Мягмарсүрэн мэдээлэв.
Завхан аймгийн Даян мэргэн шагайн харваачдын холбоо шагналаа гардан авч буй мөч