Какаоны шош энэ оны хамгийн ашигтай бараа болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /MarketWatch/. Баруун Африкт гарсан ган гачиг, ургамлын өвчин, бүтцийн асуудлаас үүдэн какаоны үнэ АНУ-ын хөрөнгийн зах зээлийн болон биткоины ханшийн өсөлтөөс давснаар какаоны шош энэ онд дэлхийн хамгийн ашигтай бараа болжээ.
“Dow Jones Market Data”-гийн мэдээлснээр, гуравдугаар сарын байдлаар нэг тонн какаоны шошны үнэ 12 мянга орчим ам.доллар байжээ. Үүнээс хойш 185 орчим хувиар өссөн бол биткоин 128 хувиар, Америкийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг индекс ердөө 25 хувиар өссөн байна.
2023/2024 онд сүүлийн 60 жилийн хугацаанд какаоны буурцгийн нийлүүлэлтэд хамгийн ихээр хомсдол үүссэн тул үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Какаоны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн бөгөөд ойрын үед зах зээл тогтворжих шинж ажиглагдахгүй гэж шинжээчид үзэж байна.
Далай тэнгисийн температур дээд хэмжээнд хүрсэн нь сүүлийн хоёр жилийн уур амьсгалын эрс тэс өөрчлөлтөд нэрвэгдээд буй Баруун Африкийн орнуудын какаоны шошны тариалалтад нөлөөлжээ. 10 дугаар сарын чийглэг цаг агаар Баруун Африкийн зарим нутагт какаоны модыг дахин гэмтээсэн бол саяхан Сахарын цөлд хуурай, тоостой халуун салхи дайран өнгөрсөн нь хаврын ургацад нөлөөлж болзошгүй байна.
Улмаар 478 мянган тонн түүхий эдийн хомсдолд орж, үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр 13.1 хувиар буурна гэж Олон улсын какаоны байгууллага таамаглаж байна. Какаоны шошны үнэ дээд түвшинд хүрсэн хэдий ч эрэлт тогтвортой хэвээр байна.