БУЛГАН: "Булганхангай" МСУХ-ны 5 дахь тэргүүнээр уяач Б.Гүндсамбууг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-26 15:05:02

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Булганхангай" МСУХ-ны ээлжит VIII бага хуралд 16 сум, 1 тосгоны 1478 уяачаас 197 уяач оролцон хуралдаж, уяачдынхаа санал бодлыг тусгаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.


1996 онд анх байгуулсан 28 жилийн түүхтэй энэхүү холбоо бүтэц зохион байгуулалтаа дахин шинэчилж "Булганхангай" МСУХ-ны 5 дахь тэргүүнээр Булган сумын уяач Баатарчулууны Гүндсамбуу сонгогдож, 41 тэргүүлэгчтэй, хяналтын алба 5 гишүүнтэй, сахилгын зөвлөл 7 гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн байна.


Шинээр сонгогдсон тэргүүн Б.Гүндсамбуу цаашид шинэ залуу уяачдаа дэмжих хурдан морины уралдааны төрөл гаргах, шударга нээлттэй ил тод уралдаан зохион байгуулах, сэрвээ хэмжилтийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй болох, холбооны байр барих, уралдааны замаа сайжруулах, морь цоллооч болон тайлбарлагчийн уралдаан зохион байгуулах зэрэг олон олон шинэ ажлууд хийж хэрэгжүүлэх талаар танилцуулсан байна.


Тус хуралд Булган аймгийн анхны "Улсын алдарт уяач" Чойдогийн Зуунчулуун мөн удаах "Улсын алдарт уяач" Нувааны Эрдэнэбат нар Бүрэгхангай сумаас, Булган сумын "Улсын алдарт уяач" Дашын Баясах, Бугат сумын "Улсын алдарт уяач" Сэндомын Эрдэнэбаяр нарын дөрвөн улсын цолтон оролцсон бол аймгийн алдарт уяач цолтой 41 уяач, сумын алдарт уяач цолтой 47 уяач оролцлоо.


Эмэгтэй уяачдыг төлөөлж Булган аймгийн Рашаант сумын уяач Төмөр-Очирын Сүглэгмаа бага хуралдаа хүрэлцэн ирсэн нь бас нэгэн содон төлөөлөл байлаа.


Дөрвөн жилд нэг удаа өргөн бүрэлдхүүнтэй хуран цугладаг ээлжит VIII бага хурлаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцсэн тухай дэд тэргүүн Б.Ууганбаяр мэдээллээ.













Related news