ӨВӨРХАНГАЙ: Энэ оны 11 дүгээр сарын байдлаар согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 302 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-26 15:57:35

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 11 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 302 бүртгэгдсэн байна.


Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 163 нэгжээр буюу нэг дахин өсжээ. Үүнээс гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 129, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 52 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.


Шинэ жилийн баярын үйл ажиллагаа өрнөж байгаатай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас “Хэтрүүлээд хэрэггүй” аяныг зохион байгуулж, гудамж талбайд согтуугаар тасарсан гэх 17 дуудлагаар ажиллан долоон иргэнийг эмнэлгийн байгууллагад, бусдыг нь ар гэрт нь хүргэж өгчээ.


Иймээс иргэн, байгууллагууд согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгож, архидан согтуурахаас үүдэн гарах гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

Related news