Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-12-04 08:44:16

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэнэ. 


Энэ тухай тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өргөн барьж, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэмжсэнийг Шадар сайдын мэдээлэлд тэмдэглэжээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, Монгол Улсыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийг удирдах зөвлөлд төлөөлж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуягт даалгасан байна. 


40 гаруй жилийн түүхтэй тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгаж, шийдвэр гаргах үйл явцад оролцох, техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөр, мэдээлэл солилцох платформд хамрагдах, Уур амьсгалын ногоон сан болон олон талт хөрөнгө оруулалтыг татах, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, манай орны газар зүй, цаг уурын онцлог, гамшгийн нөхцөл, сургамж, туршлагыг бүс нутгийн мэдээллийн санд оруулж, гамшгийн эрсдэлийг багасгах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон улсад таниулах зэрэг боломж бий болох ач холбогдолтой ажээ. 

 

Related news