ЗАВХАН: Биеийн тамирын хичээлийн нэгж хөтөлбөрт усанд сэлэлтийн төрлийг нэмж оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-30 13:48:04

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамир, усан спортыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд давхардсан тоогоор 60000 гаруй иргэн үйлчлүүлжээ. 


Завхан аймагт усан бассейн, волейбол, сагсан бөмбөг, фитнес, аэробик, чөлөөт бөх, таеквондо зэргээр хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дэргэдэх спортын дугуйлан секц, сургалтын төвүүдэд 360 гаруй хүүхэд, залуучууд хамрагдаж байна. Усан спортын тамирчид өнгөрч буй 2024 онд чамгүй амжилтуудыг үзүүлсэн.


Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулсан “Asian Open Schools Invitational Swimming championships 2024” Азийн сургуулиудын дундах усан сэлэлтийн тэмцээнд 10 тамирчин бэлтгэснээс тэмцээнд Б.Солонго, Э.Баярцогт, Д.Ангарагдорж нар хүрэл медаль хүртсэн амжилтын эзэд болсон.


Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Б.Бямбажаргал нь 800 м, өврөөр даллах төрөлд хүрэл медаль, “Монголын усан спортын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цом 2024”  тэмцээнд өврөөр даллах 800 м-ийн төрөлд  хүрэл медаль, 200 м-ийн далайн гахай сэлэлтийн төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн төвийн дэргэдэх аймгийн волейболын эрэгтэй баг тамирчид өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.


Бид ирэх онд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын 5-6 дугаар ангийн биеийн тамирын хичээлийн нэгж хөтөлбөрт усанд сэлэлтийн төрлийг нэмж оруулан хамтран ажиллахаар болсон тухай Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв ОНӨТҮГ-аас мэдээлэв.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “Монголын усан спортын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цом 2024” тэмцээнүүдэд амжилттай оролцсон баг тамирчид

Related news