ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн яаралтай тусламжийг 900 орчим иргэнд үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгаар энэ онд 900 орчим иргэн үйлчлүүлээд байна.
“2023 оноос эхлэн яаралтай тусламжийн тасгийг дөрвөн эмчтэй болгож, хүүхэд, том хүн гэсэн хоёр ангилалд 24 цагаар ажиллаж байна. Үүнээс өмнө жижүүрт хоносон эмч давхар хариуцдаг байсан. Дүрс оношилгооны эмчийн орон тоог гурав болгож, ЭХО, рентгенийг тухай бүрд үзэж байгаа. Мөн Эрчимт эмчилгээний тасгийн орыг нэмэгдүүлж, 10 болгосон. Тоног төхөөрөмжийн тоо, хүчин чадлыг сайжруулснаар яаралтай тусламжийг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэж байна” хэмээн БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан хэллээ.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нар 2024 онд хүзүү толгойн хавдрын мэс заслыг 53, өвдөг, түнхний хиймэл үе солих мэс заслыг 38, ангиографын тусламжийг 244, дурангийн мэс заслыг 262 хүнд хийжээ. Үйлчлүүлсэн иргэдийн 73 нь харьяаллын болон харьяаллын бус Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгаас ирж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.