ӨВӨРХАНГАЙ: Нийтийн эзэмшлийн зарим талбайг интернэтийн чөлөөт бүс болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-03 10:26:12

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жилийн хүрээнд зарим нийтийн эзэмшлийн талбайг интернэтийн чөлөөт бүс болголоо.


Улсын төсвийн 87.5 сая төгрөгөөр Арвайхээр сумын төв талбай, Занабазарын цэцэрлэгт хүрээлэн, Хархорин сумын Аялал жуулчлалын гудамжинд ухаалаг шон байрлуулж, нийтийн хэрэглээний wifi сүлжээг бий болгоод байна.


Мөн 24 цагийн хяналтын камер, өргөн нэвтрүүлгийн чанга яригч, зайнаас удирдах LCD дэлгэц, орчны дуу чимээ, температур, салхины чиглэл, хурд, чийгшил, агаарын даралт, нарийн ширхэгтэй тоос, тоосонцор хэмждэг сенсорыг суурилуулсан ба яаралтай тусламжийн дуудлага хийх, гар утас цэнэглэх боломжийг бүрдүүлжээ.


Түүнчлэн уг мэдээллийг гар утасны “Go Uvurkhangai” аппликэйшний ухаалаг шон цэсэнд холбосноор иргэд утаснаасаа агаарын чанарын мэдээллийг цаг тухай бүрд харж болох юм.

Related news