ХОВД: MRI оношилгооны аппаратын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-07 15:13:13

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.


Тэрбээр орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Мөн зарим сумын эрүүл мэндийн төвд авто машин хүлээлгэн өгч, алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдүүлжээ.     


Эмнэлгийн төвлөрсөн тусламж үйлчилгээнээс үүдсэн ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах “Төвлөрлийг сааруулахбодлого хэрэгжиж байна. Энэ бол аймгуудын бүсийн оношилгоо эмчилгээний төвд нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, цаашлаад эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, Улаанбаатар хотыг зорих иргэдийг тухайн орон нутагт нь эмчлэх бодлого юм. Үүний дагуу аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чадавхыг сайжруулна.  


Онцолбол, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв энэ онд MRI аппараттай болох юм.   

Тус аппаратын үндсэн үнэ дөрвөн тэрбум төгрөг. Үүний хоёр тэрбум төгрөгийг аймгийн төсвөөс, бусад зардлыг Эрүүл мэндийн яам, сайдын багцаас шийдвэрлэхээр төлөвлөсөн гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ хэлэв. 

 

Алслагдсан баруун бүс нутагт MRI оношилгоо нэвтэрснээр цаашид тархи, нуруу нугасны мэс засал, үе холбоос, зөөлөн эдийн гэмтэл бэртлийн шалтгаант мэс засал хөгжих ба Улаанбаатар хот руу явах иргэдийн оношилгоо, эмчилгээний зардал буурах давуу талтай.     





Related news