БУЛГАН: Орчин үеийн жишигт нийцсэн номын сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-13 09:39:10

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит Булган аймгийн нийтийн номын сан шинэ барилгын нээлтээ хийлээ.


Барилгын зураг төсвийг "Зөв чиглэл" ХХК гаргасан байна. Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр "Зууны сод хийц" ХХК хийж гүйцэтгэн хугацаанаас нь өмнө ашиглалтад өглөө.



Булган аймгийн иргэд, хүүхэд залуучууд орчин үеийн жишигт нийцсэн ая тухтай номын сангаар үйлчлүүлэх боломж бүрдлээ. Номын сан 10 ажилтантай, уншлагын 6 танхимд уншигчийн 200-250 суудалтай, өдөрт 1000 хүнд үйлчлэх боломжтой. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх орчин нөхцөл бүрдсэн бөгөөд стандартын уншлагын танхимтай юм. 

 

Тус номын сангийн цахилгаан халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт зэрэг нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг удирдлагаар ажилладаг төдийгүй номын фондын таазанд галын хуурай хоруудыг байрлуулсан байна.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид, Үндэсний номын сангийн төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, зохиолчид,үе үеийн ахмад номын санчид, багш нар оролцлоо.

 




























Related news