“Хүүхэд залуучуудын Хөгжил” төсөл хэрэгжиж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-21 17:31:29
Yesukheitumur Tumurbaatar

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв аймаг дахь салбараас Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Уг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд  “Хүүхэд Залуучуудын Хөгжил” төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилж энэ оны есдүгээр сарын 30-нд дууссан юм.

Тус төслийн үйл ажиллагаа нь хүүхэд залуусыг хөгжүүлэх, орон нутаг иргэдийг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан байна. Төслийн хүрээнд нийт 1.6 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулжээ. Нэн тэргүүнд хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн барилгыг барьж 2013 ондоо ашиглалтанд оруулсан юм. Өнөөдрийн байдлаар тус барилгад хүүхдийн номын сан, үндэсний хөгжлийн дугуйлан, Япон хэл, шатар, компютерийн дугуйлангууд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ГБХЗХ-ийн газартай хамтарч ажиллаж байна.

Уг төсөл хэрэгжих хугацаанд урлаг спортын 44 дугуйлан чиглэл чиглэлээр хичээллэж эхэлсэн бөгөөд нийт 3500 гаруй сурагчид харагдан суралцжээ. Мөн насанд хүрэгчид болон залуучуудын 15 клуб байгуулагдаж Төв аймгийн хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа тухай зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Төсөл санаачлагчид энэхүү төсөл нь “өнөөдрийн зүтгэлээс, маргаашийн амжилтад хүрнэ” гэдгийг ойлгуулсан ажил болсныг хэлж байв. Түүнчлэн хүүхэд залуусын хөгжлийг дэлхийн түвшинд авчрах зорилготой талаар албаны хүмүүс онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Related news