ДАРХАН-УУЛ: Сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөр ирэх долоо хоногоос хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг даргын санаачилгаар ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан IELTS-100 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн танилцуулгыг өнөөдөр 500 гаруй сурагчид аймгийн Засаг дарга, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал хийлээ.
Эхний ээлжид ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн 100 сурагч хамруулна. Сургалтын бүртгэл нэгдүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд явагдана. Бүртгүүлсэн сурагчдаас 16, 17-нд IELTS- MOCK-ийн жишиг шалгалт авч, сургалт албан ёсоор ирэх даваа гарагт эхэлнэ гэв. Сургалт гурван сарын хугацаанд долоо хоногт гурван удаа хичээллэнэ.
Сургалтыг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Eduzone”, “Passion education center”, “Хүмүүнлэг академи”, “Vip IELTS” intensive course сургалтын төвүүдтэй хамтран зохион байгуулахаар болж өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Сургалт 900.000 төгрөгийн төлбөртэй бөгөөд 50 хувь буюу 450.000 төгрөгийг аймгийн ЗДТГ, 30 хувь болох 270.000 төгрөгийг сургалтын төвүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөх бол 20 хувийг буюу 180.000 төгрөгийг тухайн суралцагч хариуцах юм.
Суралцагч IELTS-ийн шалгалтад долоо болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгох зохицуулалтай.
Дархан-Уул аймаг "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд багш нарт зориулсан IELTS хөтөлбөр, төрийн албан хаагчдад зориулсан IELTS хөтөлбөр, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.