Г.Хонгорзул: Одоогоор 30 байгууллага албан хэргээ хос бичгээр хөтөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-14 12:11:05

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-аас 2015 онд баталсан “Монгол хэлний тухай” хуулийн дагуу төрийн албан хэргийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн улс орон даяар кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж байна. Төрийн албан хэргийг хослуулан хөтлөх ажлын явц ямар байгаа талаар аймгийн Боловсролын газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан ахлах арга зүйч Г.Хонгорзулаас тодрууллаа.

 

-Аймгийн хэмжээнд хэдэн байгууллага албан бичгээ кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж байна вэ?

-Шинэ он гарснаас хойш нийт 30 байгууллага албан хэргийн маягтаа монгол бичгээр хэвлүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй төрийн байгууллагаас 30 нь албан хэргээ хос хэлбэрээр хослуулан хөтөлж байгаа юм. Тухайлбал Боловсролын газар, аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Соёл урлагийн газар зэрэг байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.  

 

-Төрийн албан хэргийг кирилл, монголоор хөтлөх үйл ажиллагаа аймгийн хэмжээнд хэзээ жигдрэх вэ?

-Аймгийн Боловсролын газар, Насан туршийн боловсролын төв, Архивын тасаг хамтран байгууллагуудын дунд монгол бичгийн сургалтаа үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа. Бид нэгдүгээр сардаа багтаагаад төрийн бүх байгууллагын албан хэргийн маягтыг монгол бичгээр хэвлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ  оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн сумдын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн ажилтнуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа. Мөн байгууллагууд холбогдох хууль, дүрэм журмын дагуу тодорхой стандарт шаардлага хангасан хаягийг гадна доторх хэсэгтээ кирилл, монгол бичгээр байршуулаад хэвшсэн.


-Өнгөрсөн хугацаанд хэчнээн төрийн байгууллагад монгол бичгийн сургалтыг зохион байгуулсан бэ?

-Монгол бичгийн анхан, дунд болон цахим бичвэрийн сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төв, аймгийн Хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар нийт төрийн байгууллагын 90 орчим хувьд нь зохион байгуулсан.  


-Тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ?

-Бичиг хэргийн ажилтнуудын үндэсний бичгээр цахимд бичих чадварыг сайжруулах шаардлага байна.


-Төрийн албан хэргийг монгол бичиг рүү хөрвүүлэхэд ашиглаж байгаа программын тухай тодруулах уу?

-Одоогоор  https://trans.mglip.com хаяг дээрх программыг ашиглаж байна. Удахгүй шинэ программ ашиглаж эхлэх юм. Тэр нь кирилл алдаагаа шалгаад монгол бичиг рүү хөрвүүлдэг. Утга ялгах үгс сонголтоор гарч ирдэг программ байх юм гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа.

  

Related news