Европын орнууд Оросоос хөнгөн цагаан импортлохоо зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 15 /DW/. Оросын эсрэг авах гэж буй 16 дахь удаагийн багц хориг арга хэмжээний хүрээнд тус улсаас хөнгөн цагаан импортлохыг хориглохоор Европын Комисс төлөвлөж байна. Энэ талаар Европын дипломатчдын ярьсныг эш татан Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр,
Европын Комисс шинээр тогтоох гэж буй хоригийг нарийвчлан хэлэлцэхийн тулд
Европын Холбооны /ЕХ/ гишүүн
орнуудтай албан бус уулзалт зохион байгуулсан байна.
Шинэ багц хориг арга хэмжээг хоёрдугаар сарын 24 буюу Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш 3 жил өнгөрөх тэр өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 2024 оны эцсээр ЕХ-ны гишүүн 10 улс Оростой тогтоосон эдийн засгийн харилцаагаа хязгаарлахад чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүд авах, түүний дотор төрөл бүрийн металл худалдан авахыг зогсоохыг санал болгосон байна.
Ташрамд дурдахад, Их Британи, АНУ
хоёр 2024 онд Оросоос металл импортлохоо зогсоосон бол Европын Холбоо зөвхөн хөнгөн цагаан утас ба ялтас, зарим
төрлийн хоолойн импортод хориг тавьсан бөгөөд цэвэр хөнгөн цагааны импортоос
бүрэн татгалзах боломжгүй гэж үзэж байв.
Сүүлийн хоёр жилд Оросоос
импортолж буй хөнгөн цагааны хэмжээ буурсаар байгаа бөгөөд 2024 оны 1 дүгээр
сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Оросоос ЕХ-нд нийлүүлсэн металлын хэмжээ
нийт импортын 6 орчим хувийг эзэлжээ.
Өнгөрсөн 12 дугаар сарын 16-нд ЕХ-ны
гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Оросын эсрэг 15 дахь багц хориг арга
хэмжээ авах шийдвэр гаргасан юм. Хоригийн хүрээнд Оросын “сүүдрийн флот”-од
хамаарах гуравдагч орнуудын 52 нефть тээвэрлэгч хөлөг онгоц Европын боомтуудад
нэвтрэх, үйлчилгээ авах боломжгүй болжээ. Мөн түүхий нефть ба нефть
бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэж буй Оросын далайн тээврийн ба цэргийн аж
үйлдвэрийн компаниудын эсрэг хориг арга
хэмжээ авсан байна.