ДАРХАН-УУЛ: Гэр хорооллын айлууд хашаандаа нэмж айл буулгахгүй байх албан даалгаврыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-15 17:40:42

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд гэр хорооллын нягтаршлыг нэмэгдүүлэхгүй байх албан даалгаврыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын дарга Т.Тулгаа нар багийн засаг дарга нарт танилцуулаа. Багийн засаг дарга нартай хийсэн уулзалтаар гэр хорооллын айл өрхүүд хашаанд нэмж айл буулгахгүй, яндангийн тоо нэмэгдүүлэхгүй байхад анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болгов.


Гэр хорооллыг нэмэхгүй байх захирамж гарсан хэдий ч хашаандаа айл буулгаснаар агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болж буйг онцоллоо. Тиймээс одоо байгаа яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх, уг ажлыг бодит ажил болгох үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэж аймгийн засаг дарга Б.Азжаргал тодотгож байна.


Түүнчлэн Дархан сумын хэмжээнд хийх бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, гэр хорооллын сайжруулсан зам, байшин хорооллын авто зогсоолын ажлын саналыг яаралтай Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэхийг Дархан сумын засаг дарга Т.Тулгаа багийн засаг дарга нарт үүрэг болгов.


Аймаг, сумын засаг дарга нарын гаргаж буй шийдвэрийг дагаж, мөрдөх, агаарын бохирдлыг багасгахад айл, өрх бүр санаачилгатай байж хашаанд нэмж айл буулгаж яндангийн тоо нэмэгдүүлэхгүй байхыг уриаллаа.


Дархан сумын суурьшлын бүсийг тэлэхгүй, нэмж газар олголт хийхгүй байх захирамжийг 2014 онд гаргаж байсан. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн шугам сүлжээнд холбох, цахилгаанаар халаах системийг нэвтрүүлэх зорилготойгоор ийнхүү шийдвэр гаргасан.


Ташрамд, Дархан сумын гэр хорооллын тав, зургаа, долоо, наймдугаар багийн айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд 2019-2020 онд дээрх багуудыг төвлөрсөн цэвэр, бохир усны системд холбосон. Одоо айл, өрхүүд хашаа руугаа татах асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэх юм.





Related news