ДАРХАН-УУЛ: Элэгдэлд ихээр өртсөн газруудад 3.5 сая мод тарих шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-20 11:10:09

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд арван жилийн хугацаанд 20 сая мод тарихаар болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг сая орчим мод, бут тарьж ургуулсан бол цаашид жил бүр тарьж буй модны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


Дархан-Уул аймаг 327.5 га нутаг дэвсгэртэй, үүний 25 хувийг ойн сан эзэлдэг бөгөөд энэ нь 81.997 га талбайг хамардаг. 19.720 га талбай буюу зургаан хувийг ногоон байгууламж эзэлж байна.


Аймгийн хэмжээнд нийт 751.9 км буюу 15.980 га талбай салхины элэгдэлд ихээр өртсөн бөгөөд тухайн хэсгүүдэд ойн зурвас байгуулахад 3.5 сая мод тарих шаардлагатай тооцоо гарчээ.


Түүнчлэн тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор мод тарьж ургуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хонгор сумын нутаг дэвсгэрт дөрвөн байршилд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч ААНБ, иргэний 8098.6 га талбайг хамгаалж 41 км урт ойн зурвасыг байгуулжээ.


Уг ажилд 350 сая төгрөг зарцуулсан бөгөөд хайлаас, улиас, нарс зэрэг 42108 мод тарьсан байна.


Ташрамд, ойн сангийн сумдад эзлэх талбайн хэмжээгээр Хонгор сум хамгийн их буюу 77623 га талбайг эзэлж байна. Энэ нь нийт ойн сангийн 94.7 хувийг, Орхон сум 3271 га талбай буюу дөрвөн хувийг, Шарын гол сум 914 га талбай буюу 1.1 хувийг эзэлдэг бол Дархан сумын хамгийн бага ойн сантай бөгөөд 189 га талбай буюу 0.2 хувийг эзэлж байна.

 

Related news