Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ, 2025 оны нэгдүгээр сарын 20 /AP/. Энэтхэгийн цагдаа нар ням гарагт Болливудын од Сайф Али Ханыг хутгалсан хэрэгт холбогдуулан 30 настай сэжигтнийг баривчилжээ.
Цагдаагийн газрын
төлөөлөгч Диксит Гедамын
хэвлэлийн хурлын үеэр
мэдээлснээр, нотлох баримтаас үзэхэд сэжигтэн этгээд Бангладешийн иргэн бөгөөд Энэтхэгт
хууль бусаар нэвтэрсний дараа нэрээ өөрчилсөн байжээ.
Мумбай хотын захад баривчлагдсан сэжигтэн 5-6 сарын өмнө тус хотод ирснийхээ дараа орон нутгийн тусламжийн агентлагт ажиллаж байсан гэж Д.Гедам хэлээд, цагдаа нар нэмэлт мөрдөн байцаалт явуулахын тулд сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл хүснэ гэсэн байна. Сэжигтэн Ханы гэрт хулгай хийхээр нэвтэрсэн болохыг нотлох баримт харуулж байгааг цагдаа нар хэлсэн байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Хан Мумбай дахь гэртээ зургаан удаа хутгалуулсан нь тус улсын кино урлагийн салбарынхныг цочирдуулсан юм.
Түүнчлэн Болливудын олон жүжигчин
амьдардаг Мумбай дахь аюулгүй
байдлын асуудал олон нийтийн санааг зовоож байна.
Өдгөө 54
настай жүжигчин нуруу, хүзүү,
гартаа хутгалуулсан гэж эмч нар хэллээ. Халдлагын
үеэр Ханы гэрт ажилладаг эмэгтэй мөн шархаджээ. Мэс засалд
орсон жүжигчний биеийн байдал сайжирч, амь насанд нь аюул учрахааргүй болсон гэж эмч нар мэдэгдсэн бөгөөд Хан эмнэлгээс гарсан байна.
Жүжигчний зэрэгцээ кино продюсерээр ажилладаг Хан 70 орчим кино, телевизийн олон ангит кинонд
тоглож, бүтээсэн дүрээрээ олон шагнал хүртэж байсны дотор долоон Filmfare шагнал бий. Тэрбээр Энэтхэгийн крикетийн шигшээ багийн ахлагч асан Мансур Али Хан
Патауди, Болливудын жүжигчин бүсгүй Шармила Тагоре нарын хүү юм.